Холбоо барих: 976 70113244
ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГААР МОНГОЛЫН ТОМООХОН КОМПАНИУД АЖЛЫН БАЙР САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Блог

2017.6.5

Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ба 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь энэ насны залуучууд байгаа юм. Их дээд сургууль төгссөн залуусын 21.7 хувь нь буюу 5 төгсөгч тутмын 1 нь ажлын байртай болдог гэсэн үг юм.

Энэ тоог ихэсгэх зорилгоор шинэ төгсөгч нарт зориулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагуудтай хамтран “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагийг дөрөв дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй "Бид бүхэн жил болгон ажил олгогч байгууллагууд, ажил хайгч залуучуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд 20 орчим байгууллага оролцдог байсан бол энэ жил 40 гаруй ажил олгогч байгууллага, 1,200 гаруй ажлын байртайгаар оролцож байна.

Энэхүү хөдөлмөрийн яармаг өнөөдөр зохион байгуулагдаад дуусах хэдий ч бид залуучуудыг ажлын байранд өдөр тутам зуучилж байгаа. Өөрөөр хэлбэл, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж дээр ажлын цагаар буюу 09:00-17:00 цагийн хооронд ирж анкет бөглөж ажилд зуучлуулах боломжтой юм. 

Мөнай байгууллага 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 50,000 гаруй залуучууд ажил хайгчаар бүртгүүлсэн байдаг. Эдгээр залуучуудын дийлэнх хэсэг нь буюу 70 орчим хувь нь цагийн ажил хийх сонирхолтой байдаг. Төгсөгчид тогтмол ажлын байртай болох хүсэлтэй байдаг. 

2016 онд бид 3,000 гаруй залуучуудыг ажлын байранд зуучилсан. 2017 онд бид эдгээр ажилд орсон залуучуудтайгаа эргэн холбогдоход 80 орчим хувь нь тэр ажлын байрнаасаа гарсан, ажилгүй, эсвэл өөр ажлын байранд орсон байсан. Энэ судалгаанаас үзэхэд залуучууд нэг ажлын байран дээрээ тогтвортой удаан ажиллах боломж нөхцөл хөдөлмөрийн зах зээлийн хувьд муу байна мөн залуучуудын өөрсдийнх нь мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй байна гэсэн үг юм" гэв.